2018-04-10
Д.Цэдэвсүрэн:Цагаан сарын үеэр хүмүүс өвчлөл сэдэрдэг

Д.Цэдэвсүрэн: Цагаан сарын үеэр хүмүүс архаг өвчлөлд хүргэх, сэдрээх дараахь гурван дадал үйлддэг

Цагаан сарын өдрүүдэд бидний хооллох хэв маягт ордог таван өөрчлөлтийг “Интермед” эмнэлгийн эмчилгээний хоол зүйч, урьдчилан сэргийлэх төвийн эмч Д.Цэдэвсүрэнгээс тодрууллаа. Та дараахь таван өөрчлөлтийн үр дүн таны биед хэрхэн нөлөөлдөг болохыг дараах зөвлөгөөнөөс хүлээн авч уншина уу.

Нийт өвчлөлийг хурц болон архаг гэж ангилдаг байна. Хурц өвчлөлд ханиад, хатгалгаа гэх мэт ордог. Архаг өвчлөлд зүрх судас, амьсгалын, чихрийн шижин буюу дотоод шүүрлийн өвчин, хорт хавдар зэрэг багтдаг байна. Сонирхуулбал, хүн амын эрүүл мэнддээ зарцуулж буй нийт мөнгөний 83 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Хүн амын нас баралтын шалтгааны 87 хувийг архаг өвчлөл эзэлдэг.

Архаг өвчлөлд хүргэж байдаг гурван эрсдэлт хүчин зүйлд хөдөлгөөний дутагдал, хоолны зөв зохистой байдлын алдагдал, хорт зуршил буюу архи, тамхи ордог. Тиймээс Цагаан сарын үеэр хүмүүсийн дийлэнх нь архаг өвчлөл сэдрээх, архаг өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлэх дээрх гурван дадал үйлддэг гэсэн үг юм. Үүнээс харахад, Цагаан сарын өдрүүдэд хүн амын дунд архаг өвчлөлийн эрсдэл нэмэгддэг. Цагаан сарын дараахь өдрүүдэд ч энэ чиглэлээр болон бусад буруу хооллолттой холбоотой өвчлөл нэмэгддэгээс эмнэлгүүд ачаалалтай ажилладаг байна.

Нэгдүгээрт, нэг өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэтэрдэг. Үүний үр дүнд...

Монголчууд Цагаан сараар маш их иддэг гэдгийг бид мэднэ. Гол хэрэглэж буй нэрийн хүнс буюу ууц, бууз, зууш болон архи нь илчлэг өндөртэй. Тиймээс хүний хоногт авах хоолны илчлэгийн хэмжээ хэтэрдэг. Энэ нь таргалалтын суурь юм. Хүн амын дунд биеийн жингийн илүүдэл болон таргалалт жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна. Хоол, хөдөлгөөн хоёр хоорондоо шууд хамааралтай. Бид 20 гаруй хоног идэх ёстой хүнсээ Цагаан сарын 5 өдөрт багтааж иддэг. Цагаан сарын өдрүүдэд хүн 2-5 кг жин нэмдэг гэж судалгаагаар гарсан байдаг. Манайд Цагаан сараар 7 кг жин нэмсэн үйлчлүүлэгч хандаж байсан. Жин нэмэгдэж байгаа гол шалтгаан бол нэг өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэтрэх юм. Та идээд байгаа мөртлөө хөдөлж илчлэгээ шатаахгүй бол энэ нь таны биед хуримтлагдсаар л байдаг. Хөдөлгөөн багатай бол идвэл зохих хоолны хэмжээ бага байх нь зүйтэй.

Хоёрдугаарт, хоол хоорондын зохилдлогоо алдагддаг. Үүний үр дүнд...

Эрүүл зөв хооллолтын удирдамж гэж байдаг. Жишээлбэл мах, сүү, үр тариа, ногоог зөв харьцаатайгаар авах хэмжээг зааж өгдөг. Жирийн үед тодорхой хэмжээгээр иддэг нэр төрлийн хүнсийг Цагаан сараар их хэрэглэдэг. Дээр нь махан хүнстэй цардуултай ногоо, чихэр жимс, хэт их гурил болон үр тариан бүтээгдэхүүн хамт хэрэглэх нь хоорондоо зохицдоггүй. Мах, үр тариа их холилдох хэрээр ходоодонд тухайн хоолны боловсрох хугацаа уртасдаг. Цанхайгаад л яваад байдаг нь мах, тослог хүнс их хэрэглэсэнтэй холбоотой. Үр тариа их хэрэглэснээс махны шингэц муудна. Мөн хоолны зохист харьцаа алдагдсанаар уураг, нүүр ус, өөх тосыг боловсруулдаг нойр булчирхай хэт ачаалалд ордог. Тиймээс нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн өвчин сэдрэх эрсдэлтэй.

Монголчуудын уламжлалт хооллолтыг авч үзвэл зундаа цагаан идээ, намартаа байгалийн жимс жимсгэнэ, өвөлдөө мах, махан бүтээгдэхүүн зэрэг улирлын чанартай хооллодог байсан. Гэтэл орчин үед бидний улирлын чанартай хооллох хэв маяг өөрчлөгдсөн. Зэрлэг жимс жимсгэнэ болон сүү цагаан идээг бага хэрэглэж, чихэр амттан болон гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол их хэрэглэж байгаа нь асуудалтай байна.

Гуравдугаарт, хооллох цагууд өөрчлөгддөг. Үүний үр дүнд...

Их хэмжээгээр идэхээс гадна нэгээс хоёр цагийн зайтай айлд очиж, ойр ойрхон хооллодог. Хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, дотоод шүүрэлд зэрэг эрхтэн системд ачаалал өгдөг. Тиймээс Цагаан сарын дараа эмнэлгүүдийн ачаалал энэ чиглэлүүдэд нэмэгддэг. Тиймээс хооллох цагуудаа хоногт авах ёстой илчлэгтэй уялдуулах зүйтэй. Өглөөний цайндаа өдөрт авах ёстой хоолны илчлэгийн 25 хувийг авах зохимжтой. Харин оройн хоолондоо 20-25 хувийг авч болно. Харин үдийн хоолондоо 35-40 орчим хувийг авна гэж тооцвол бусад хувийг бага үдийн цай, их үдийн цайндаа хуваан авах ёстой болж таарна.

Дөрөвдүгээрт, цадсан мөртлөө нэмж идээд байдаг нь шалтгаантай

Идээд л байвал, ороод л байдаг гэдэг. Ходоод булчинлаг эрхтэн учир сунаад л байх боломжтой юм. Гэхдээ их идсэн мөртлөө нэмж идэх дуршил байсаар л байдаг нь дотоод шүүрэлтэй холбоотой. Бууз, төмсний салат чихэр болон гурилан бүтээгдэхүүн идээд ундаа, архи уухад цусны сахарыг огцом нэмэгдүүлдэг. Гурил, чихэр, архи зэрэг нь цусны сахарыг огцом нэмэгдүүлдэг хүнс юм. Хооллолтын дараа огцом нэмэгдсэн шигээ цусны сахар огцом буурна. Үүний үр дүнд хоолны дуршил нэмэгддэг. Мөн дотоод шүүрлийн гормон болох цадах өлсөх мэдрэмжтэй холбоотой гормоны харьцаа алдагддаг. Ийм учраас бид нэг айлд идчихээд дараагийн айлд орсон хойноо нэмж идсээр л байдаг. Энэ нь бас л буруу хооллолтын нэг хэлбэр гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тавдугаарт, хадгалалтын аюулгүй байдалд анхаарах ёстой

Цагаан сарын хоол хүнсийг ихэвчлэн урьдчилан бэлддэг. Бэлдсэн байдал, хадгалалт алдагдсанаас болж хоолны хордлого их гардаг. Жишээлбэл, бүтээгдэхүүнийг задалснаас хойш хэдий хугацаанд хэрэглэж дуусах ёстойг нарийн заасан байдаг. Чанаж болгосон хүнсийг тасалгааны температурт 2-оос дээш цаг хадгалах нь өвчин үүсгэгч бичил биетний үржих таатай нөхцөл үүсгэдэг. Иймээс энэ нь хоолны хордлого үүсгэх эрсдэл болдог.

Эх сурвалж: "Д.Цэдэвсүрэн: Цагаан сарын үеэр хүмүүс архаг өвчлөлд хүргэх, сэдрээх дараахь гурван дадал үйлддэг", Б.Бадамцэцэг, 2018.02.13, http://itoim.mn/article/EoOiJ/11924

Бичсэн: Sub101 | цаг: 09:13 | emnelgiin tuslamj,medee medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax